Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч байдлын сар” аяны хүрээнд зураач Н.Сэргэлэн “Дэлхийн нэг өдөр” уран бүтээлээ NFT хэлбэрээр Монголын Үндэсний Уран Зургийн Галерейд толилууллаа.
Энэхүү уран бүтээлийг Н.Сэргэлэн уран бүтээлч Ганзам.С, Сайнзул.Ш, Хосбаяр.Н нартай хамтран бүтээжээ. Урт нь 21 метр, өргөн нь 2,5 метр, нийт 52,5 метр квадрат талбайтай уг бүтээл нь Монголын уламжлалт гуаш, усан будгийн техникээр урласан хамгийн том бүтээлүүдийн нэг гэж тооцогддог.
Уран бүтээлчид уг бүтээлийг бүтээхэд 10 орчим жил судалгаа хийж, нэмэлт 10 жил зарцуулсан байна. Уг зурагт 193 орныг нэг зурагт багтаасан бөгөөд тухайн улс орны байгаль, ан амьтан, уламжлал, соёл, үнэт зүйл, тэр байтугай алдартай барилга байгууламжийн бүс нутгийн ялгааг онцлон харуулсан байна. Зурган дээр монголын уламжлалт техникээр бүтээгдсэн 5000 гаруй зүйл дүрслэгдсэн байгаа нь “Монгол уран зургийн” онцлогийг жинхэнэ утгаар нь харуулжээ.
Цаашилбал, энэхүү гайхалтай бүтээлийн дижитал хувилбарыг олон нийтэд танилцуулж, зургийн тодорхой хэсгийг бараг 350 сая төгрөгөөр (120,000 орчим ам.доллар) худалдсан байна. Зураг дээрх 193 орноос Сингапур, Англи, Унгар, Австрали тив, Нью-Йорк зэрэг 5 бүс нутаг уг үнээр зарагджээ.
NFT амжилттай худалдаалагдсан нь бусад урлагийн бүтээлүүдийг олон улсын зах зээлд гаргах, эх бүтээлийг нь Монголдоо хадгалах, хосгүй бүтээлд үнэ цэнийг хүргэх, Монголын уран бүтээлчдийг технологийн тусламжтайгаар дэмжих боломжтойг харуулж байна.